Мэдээ, мэдээлэл
Буцах

МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЕХНИКИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2020.08.13

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны санхүүжилтээр Улаанбаатар хотын баруун цэг буюу Яармагт олон улсын стандартын цоо шинэ талбайг 2019 онд ашиглалтад оруулсан билээ. Цаашид олон улсын томоохон тэмцээн уралдааныг хүлээн авах тус талбайн дэргэд баригдах техникийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Шав тавих ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон МХБХ-ны зөвлөлийн гишүүд, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захиралын тэргүүн орлогч О.Банзрагч, мөн гүйцэтгэгч Гранд Авгуш ХХК-ны захирал Доржбал, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир нар оролцож тууз хайчилсан юм. Монголын Хөл Бөмбөгийн Холбоо өнгөрсөн жил Монгол улсын ууган банкны нэг Худалдаа хөгжлийн банктай 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээг зурсан. Тус гэрээний дагуу Техникийн төв болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийг ивээн тэтгэх болсон юм. МХБХ 2020 онд Техникийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлаж "Гранд Авгуш" ХХК тодорч 770.000 ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан юм. МХБХ-ны Техникийн төвийн хүлээн авах анхны олон улсын томоохон тэмцээн нь 2021 онд МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдахаар болсон Green Games 2020 бөгөөд энэ ч утгаараа Mongolian Football Federation, Улаанбаатар спорт менежмент ХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өргөжүүлэх зорилгоор хоёр байгууллагын ажилчид нөхөрсөг тоглолт хийснээр тус үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Үйл ажиллагаанд 2021 онд Япон улсад зохион байгуулагдах Мастеруудын ДАШТ-нд оролцох 4 насны ахмадын шигшээ багийн төлөөлөл мөн уригдан оролцлоо. Ийнхүү Монгол улс дахин нэг олон улсын стандарт бүхий талбайтай барилга байгууламжтай болох эхлэл тавигдаж цаашид томоохон тэмцээн уралдааныг цор ганц МХБХ-ны ногоон талбайд бус Техникийн төвийн талбайд зохион байгуулах боломж бий боллоо.