
"Улаанбаатар Спорт Менежмент" ХК-ийн гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Эрхэм хүндэт харилцагчид, түнш байгууллагууд, иргэд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
"Улаанбаатар Спорт Менежмент" ХК нь нийслэлийн хэмжээнд спортын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, хөгжүүлэх, түүнчлэн спортын дэд бүтцийг үе шаттайгаар бүрдүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай байгууллага орчин үеийн шаардлага, стандартын дагуу спорт цогцолборыг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь иргэдэд чанартай, хүртээмжтэй, аюулгүй орчинд спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тус цогцолбор ашиглалтад орсноор нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын жишигт нийцсэн арга хэмжээ зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ бид спортын чиглэлээр олон нийтийн оролцоонд тулгуурласан фестиваль, тэмцээн, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Манай байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд, түншүүд болон нийт оролцогчдод талархал илэрхийлье. Цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг тууштай хэрэгжүүлэх болно.
Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн: Гүйцэтгэх захирал: М.Тэмүгэ
"Улаанбаатар Спорт Менежмент" ХК