УИХ-аас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, мопед, скүтер, суррон болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг шинэчлэн баталсан. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2026 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, уг зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Энэхүү хуулийг зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу эцэг, эх, асран хамгаалагч, түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийг ашиглуулах, түрээслүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцохоор тусгасан байна. Тиймээс иргэд, эцэг эх, асран хамгаалагчид болон мопед, скүтер, суррон түрээсийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хууль тогтоомжийг чанд мөрдөж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг зөвлөж байна.
“Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн Статистик, тандалт судалгааны албаны мэдээллээр 2023 - 2026 оны эхний хагас жилийн байдлаар суррон, цахилгаан скүүтер, мопед зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотойгоор нийт 4201 хүн осол, гэмтэлд өртсөн байна.
Үүнээс 6.6% нь хамгаалах малгай өмссөн, 93.4% нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан бөгөөд энэ нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгайгаа тогтмол хэрэглэж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаарай.